“ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХАД УДИРДАХ АЖИЛТНЫ ОРОЛЦОО” СЭДЭВТ СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

           Нийслэлийн Эрүүл мэндийн газар Амгалан амаржих газартай хамтран харьяа эрүүл мэндийн байгууллагын удирдах ажилтанд тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын талаар гарсан тушаал шийдвэрийн хэрэгжилт болон шинэ технологи нэвтрүүлсэн үр дүнг тооцох, ур чадварыг сайжруулах зорилгоор "ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХАД УДИРДАХ АЖИЛТНЫ ОРОЛЦОО" сургалтыг энэ сарын 14-ний өдөр зохион байгууллаа.

         

          Тус сургалтад нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган, харьяа 28 эрүүл мэндийн байгууллагын дарга, орлогч дарга, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга, менежерүүдийн нийт 51 хүн оролцож, Амгалан амаржих газарт хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, нэвтрүүлсэн дэвшилтэт технологи, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах талаар хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг сонсож, үйл ажиллагаатай танилцан туршлага судлав.

           Мөн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах талаар гарсан “Эрүүл мэндийн сайдын тушаалын хэрэгжилт”, “Таагүй ба ноцтой тохиолдлын бүртгэл мэдээлэлд дүн шинжилгээ хийж хариу арга хэмжээ авах”, “Эхийн болон перинатал эндэгдлийг бууруулах эмнэлзүйн аудитын хорооны үйл ажиллагаа, дүгнэлт”-ийг тус тус танилцуулж, асуулт, хариулт өрнүүлж, санал солилцлоо.

         Сургалтаар “Сайн туршлага-2023" арга хэмжээний заавал хэвшүүлэх “Дауны хам шинжийн нийлмэл илрүүлэг”, “Преэклампси үүсэх эрсдэлийг умайн артерийн Pi индексээр үнэлэх нь”, “Чихрийн шижин өвчний үеийн цогц тусламж”, “Цусны даралт, элэгний хорт хавдрыг эрт илрүүлж хүндрэл нас баралтыг бууруулах өрхийн эмчийн хяналтын аргачлал” сэдэвт танилцуулга хийгдэж, эрүүл мэндийн байгууллагуудыг хэрэгжүүлэн ажиллах талаар үүрэг чиглэл өгөв.

          Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд мэдээллээ солилцон цаашид хамтран ажиллах чиглэлээ тодорхойлж, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад сэдэл өгсөн үр дүнтэй, зохион байгуулалт сайтай арга хэмжээ болсныг оролцогсод онцолж, талархал илэрхийллээ.

 

Бусад мэдээ