Нийслэлийн Эрүүл мэндийн газраас анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламж үзүүлэх ур чадвар, бэлэн байдлыг үнэлэх "ДУУДЛАГА" ур, чадварын тэмцээнийг 3 үе шаттай зохион байгуулж байгаа билээ.
Тус тэмцээний хоёрдугаар шатны шалгаруулалт болох “Дүүргийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн аварга шалгаруулах” арга хэмжээ энэ сарын 11-12-ны өдрүүдэд болж өнгөрсөн ба нийт 72 баг оролцож, Дүүргийн Засаг даргын Тамгын газраас эхний 3 байр эзэлсэн өрхийн эрүүл мэндийн төвд батламж, мөнгөн шагнал өгч, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллалаа.
Гуравдугаар дугаар шатны шалгаруулалт 5 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд тус тэмцээнд Баянгол дүүргийн “Усан түрүү”, Баянзүрх дүүргийн “Ачит чагнуур”, Хан-Уул дүүргийн “Мэндсаруул”, Чингэлтэй дүүргийн “Тэгш-Өлзий”, Сүхбаатар дүүргийн “Увидас-Од”, Сонгинохайрхан дүүргийн “Жаргал-Өлзий” өрхийн эрүүл мэндийн төв, алслагдсан бүсээс Жаргалант тосгоны эрүүл мэндийн төв оролцохоор шалгараад байна.
Энэхүү тэмцээн нь анхан шатны эрүүл мэндийн байгууллагын яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулж,амь тэнссэн үеийн тусламж үзүүлэх онолын болон гардан үйлдэл хийх эмч, эмнэлгийн мэргэжилтний ур чадварыг нэмэгдүүлэхэд түлхэц өгсөн үр дүнтэй арга хэмжээ болж байгаа талаар оролцогчид сэтгэл өндөр байлаа.