“Хүний нөөцийг хөгжүүлэх (JDS) тэтгэлэгт хөтөлбөр”-ийн гурван талт гэрээнд гарын үсэг зурах арга хэмжээ боллоо.

   Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгждэг Монгол Улсын төрийн албаны хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөрийн 23 дахь удаагийн хамтын ажиллагааны гурван талт гэрээнд гарын үсэг зурах ёслолыг Төрийн албаны зөвлөлөөс өнөөдөр зохион байгуулав.

 Ёслолын ажиллагаанд холбогдох байгууллагын удирдлага, албан тушаалтнууд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэд тэргүүн, Японы хамтын ажиллагааны “Жайка” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга, JDS тэтгэлэгт хөтөлбөрийн удирдах зөвлөлийн гишүүд, 2023 оны тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 16 төрийн албан хаагчид оролцлоо.

   Уг хөтөлбөрийн зорилго нь Монгол Улсын нийгэм, эдийн засгийн цаашдын хөгжилд чухал үүрэг гүйцэтгэх төрийн залуу албан хаагчдыг Японы их, дээд сургуулиудад магистр, докторын сургалтад хамрагдах боломжийг олгож, эх орондоо буцаж ирээд боловсон хүчний цөм нь болж Монгол Улсынхаа хөгжлийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж, хүн хоорондын харилцаагаар дамжуулан Япон Улстай байгуулсан найрамдалт харилцаагаа өргөжүүлэн бэхжүүлэх явдал юм.

   2001 оноос Монгол Улсад хэрэгжиж эхэлсэн энэхүү хөтөлбөрт хамрагдсан төрийн албан хаагчид Монголын төр захиргааны байгууллага, Монгол банк зэрэг салбар бүрт үр бүтээлтэй ажиллаж байна.

   Хөтөлбөрийн 3 шатны шалгаруулалтыг амжилттай даван шалгарч,  нийслэлийн Эрүүл мэндийн газраас тус тэтгэлэгт хамрагдсан анхны оролцогч болсон ахлах мэргэжилтэн Э.Есүдээ баяр хүргэж, цаашдын сурлага хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

 

Эх сурвалж

https://csc.gov.mn/content/666be6f4914594044c263d17

Бусад мэдээ