Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болохоор зорьж байгаа билээ. Энэхүү зорилтын хүрээнд нийслэлийн хэмжээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний технологи, инновацыг эрчимжүүлэх, цахим шилжилтийг өргөжүүлэх, сайн туршлагыг хэрэгжүүлэх, нийгмийн хөгжлийн олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх хэд хэдэн арга хэмжээг амжилттай зохион байгуулж, тодорхой үр дүнд хүрсэн. Өнөөдөр нийслэлийн иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлийг хэвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааны чиглэлээр хийсэн сайн туршлагыг танилцуулав. Мөн идэвх, санаачилгатай ажилласан байгууллага, ажилтан, иргэдээ шагнаж урамшуулав. Тухайлбал:
1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үйлчилгээний соёл, шинэ бүтээлч санал санаачилгыг нэвтрүүлэн ажилласан Нийслэлийн Эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүнг үнэлэн, эмнэлгийн шилдэг мэргэжилтэн, эрүүл мэндийн ажилтнуудыг шалгаруулан урамшуулал олгоно. Энэ жил харьяа 25 эрүүл мэндийн байгууллага, 154 Өрхийн эрүүл мэндийн төв, нийт 179 байгууллагаас 6 эрүүл мэндийн байгууллага, 6 өрхийн эрүүл мэндийн төв, тосгоны эрүүл мэндийн төв, хүүхдийн сэргээн засах төв, төрөлжсөн эмнэлгийг тус тус шилдэг байгууллагаар, эрүүл мэндийн байгууллагын нийт 7093 ажилчдаас 57 их эмч, 60 сувилагч, тусгай мэргэжилтэн, 47 ажилтныг шилдгээр шалгаруулаад байна.
2. Эрүүл аж төрөх зан үйлийг амьдралдаа хэрэгжүүлж хэвшүүлсэн, эрүүл мэндийн мэдлэгээ бусадтай хуваалцдаг, аливаа хорт зуршлаас ангид байдаг, спортоор хичээллэж эрүүл мэндээ эрхэмлэдэг зэрэг шалгуур үзүүлэлтийг хангасан 9 өрхийг “Эрүүл мэндээ дээдлэгч өрх”-өөр, 12 иргэнийг “Эрүүл мэндээ дээдлэгч иргэн”-ээр шалгаруулаад байна.
3. Мөн нийслэлийн төрийн өмчийн 307 сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын дунд томуу, томуу төст өвчний улиралчлалын үед бага насны хүүхдийн өвчлөлийг бууруулах, амьсгалын замаар дамжих бусад халдвараас сэргийлэх зорилгоор “Томуугаас сэргийлье” аяныг 2 сарын хугацаатай явуулж, аянд идэвхтэй оролцсон 6 сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг шалгаруулан шагнаж урамшуулав.
Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжих, эрүүл дадал хэвшилтэй, идэвхтэй амьдралын хэв маягтай иргэнийг төлөвшүүлэн эрүүл мэндийн чанар, хүртээмж, үр дүнтэй тогтолцоог хөгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэж байгаа эрүүл мэндийн салбарын бүхий л ажилтан албан хаагч нартаа баярлалаа.
Монголын иргэн бүр эрүүл байх болтугай.