Эрүүл мэндийн сайдын 2021 оны “Тарваган тахал өвчний урьдчилан сэргийлэлт, хариу арга хэмжээг эрчимжүүлэх тухай” 03 дугаар албан даалгаварын хүрээнд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв эмч, эмнэлэгийн ажилтнуудаа тарваган тахлын эсрэг дархлаажуулалтанд хамруулж эхэллээ.
Манай улсын 17 аймгийн 137 сумын 443.300 км 2 нутаг дэвсгэр тарваган тахлын байгалийн голомттой.
Мөн өнгөрсөн онд Улаанбаатар хот, 8 аймгийн 16 суманд тарваган тахал өвчний 22 сэжигтэй тохиодол бүртгэгдэж, Ховд, Говь-Алтай аймагт, 5 хүн тарваган тахлын булчирхайн хэлбэрээр, 1 хүн анхдагч үжил хэлбэрээр тус тус өвчилсөн байна.
Ховд, Завхан аймагт 2 хүн тарваган тахлын булчирхайн хэлбэр, уушигны хоёрдогч хатгалгааны улмаас эмнэлэгт, Говь-Алтай аймагт 1 хүн анхдагч үжил хэлбэрээр өвчилж, эмнэлгийн тусламж үйлчилгээ авч чадалгүй гэртээ нас барсан байна.
Иймд иргэд та бүхэн тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж:
·Тарваган тахлын байгалийн голомттой бүс нутгийн иргэд тарваган тахлын дархлаажуулалтанд хамрагдах
·Тарвага агнахгүй байх
·Үхсэн, хөдөлгөөн удааширсан тарвага, мэрэгч амьтанд хүрэхгүй байх, мэргэжлийн байгууллагад мэдээллэх
·Мэрэгч амьтдын бүүрэгт хазуулахаас сэргийлэх
·Тарваганы түүхий мах, эд эрхтэнг хот суурин газарт оруулахгүй, эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байж сэргийлээрэй.
Тарваган тахал өвчний шинж тэмдэг:
Хэрэв та тарвага болон бусад мэрэгч амьтадтай харьцсаны дараа эдгээр шинж тэмдэг илэрвэл өөрийгөө тусгаарлан дуудлага өгөөрэй.
·Өндөр халуурах
·Булчирхай цочих
·Цустай цэрээр ханиалгах
·Толгой өвдөх
·Чичрэх, ядарч сульдах
·Бөөлжих, гүйлгэх зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа эрүүл мэндийн байгууллага, 103 дугаарын утас болон Зооноз өвчин судлалын үндэсний төвийн 70282853, Нийслэлийн зооноз өвчин судлалын үндэсний төвийн 70210316 дугаарын утсанд дуудлага өгөөрэй.
Байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2021 оны “Тарвагыг ахуйн болон үйлдвэрлэлийн зориулалтаар агнахыг түр хугацаагаар хориглох тухай” А/193 дугаар тушаалаар Монгол улсын хэмжээнд 3 жилийн хугацаатайгаар тарвага агнахыг хориглосон билээ.
Хэрэв та Тарвага хууль бусаар агнасан, түүнийг тээвэрлэсэн, худалдаасан, тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар бүлгийн:
7.6.4. Агнуурын бүс нутгаас бусад газарт, эсхүл амьтныг агнах хориотой үед, эсхүл хориглосон хугацаанд, эсхүл хориглосон арга хэрэгслээр амьтныг барьсан, агнасан, тээвэрлэсэн бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно
7.6.5 Агнуурын амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг тусгай зөвшөөрөл, гарал үүслийн бичиг, дагалдах тодорхойлолтгүйгээр худалдсан, худалдан авсан бол зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж, учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.