Улирлын томуугийн эсрэг “GCFLU” дөрвөн цэнт вакцин нь тухайн оны томуугийн улиралд ДЭМБ-ын зөвлөмж болгосон томуугийн вирусийн эсрэгтөрөгчийг идэвхгүйжүүлж гаргаж авсан, ДЭМБ-ын чанар, аюулгүй байдлын урьдчилсан шалгуур хангасан вакцин юм. Вакцины найрлагад орсон томуугийн вирусийн дөрвөн дэд хэвшинжээр үүсгэгдсэн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Тодорхойлолт:
GCFLU дөрвөн цэнт вакцин нь эсрэгтөрөгч чанарыг нь хадгалахын тулд өндөгний үр хөврөлд тарьж өсгөвөрлөсөн, томуугийн вирусийг задалж, идэвхгүйжүүлэх аргаар гаргаж авсан өнгөгүй, бүдэг цайвар өнгө бүхий вакцин юм.
Найрлага:
0.5 мл-т агуулагдах найрлага:
Идэвхтэй хэсэг: Томуугийн вирусийн цэвэршүүлж, идэвхгүйжүүлсэн антиген................................................................................................................120µg
A хүрээний Victoria/4897/2022 IVR –238 (H1N1) …………………………..30µg
А хүрээний Darwin/9/2021 SAN-010 (H3N2) ………………….............……30µg
B хүрээний /Austria/1359417/2021 BVR-26.............……………………...30µg
B хүрээний /Phuket/3073/2013………………………………………….…....30µg
Нэмэлтээр натри, калийн хлорид, гидрофосфат натри, калийн дигидроген фосфат, тиомерсал, тарилгын ус агуулна.
Савлагаа:
Нэг хүн тун нь 0,5 мл, нэг флаконд 10 хүн тунгаар савлагдсан. Өнгөгүй шингэн хөвмөл.
Заалт:
Томуугийн А болон В хүрээний вирусээр үүсгэгдсэн томуугийн халдвараас урьдчилан сэргийлж 6 сар ба түүнээс дээш насны хүмүүст хэрэглэнэ.
Тун ба тарих арга:
Вакциныг гарын бугалганы (делтойд) булчинд тарьж хэрэглэнэ.
- 6 сар ба түүнээс дээш насны хүмүүст: 0.5 мл-ээр нэг удаа тарина.
Эсрэг заалт:
Вакцинжуулахын өмнө тухайн хүнээс асуумж авч, бодит үзлэг хийнэ. Үзлэгээр дараах эмгэгийн аль нэг нь илэрсэн тохиолдолд вакцинжуулахыг зөвлөхгүй.
- Цочмог халдвар, архаг өвчний сэдрэлийн үе;
- Вакцины найрлагад орсон бодист анафилаксийн урвал илэрч байсан өгүүлэмжтэй;
- Өндөг, тахианы мах, тахианы гаралтай бүтээгдэхүүнд хэт мэдрэг хариу урвал өгч байсан;
- Сүүлийн нэг жилийн хугацаанд таталт; саажилтын хамшинж илэрсэн;
- Мэдрэлийн үрэвслийн хамшинжийн үе;
- Харшил, багтраа өвчтэй хүн;
- Дархлал дутмагшилтай хүн;
- Дааврын эмчилгээ болон дархлаа дарангуйлах, дархлаа сэргээх эмчилгээ хийлгэж байгаа хүн;
- Өмнө нь томуугийн вакцин хийлгэснээс хойш 6 долоо хоногийн дотор Гиллен-Барын хамшинж илэрч байсан эсвэл мэдрэлийн эмгэгтэй хүн;
- Хавдрын эмчилгээний цитостатик эм хэрэглэж байгаа бол;
Дархлаажуулалтын дараах урвал, хүндрэл:
- Халуурах, толгой өвдөх, чичрэх, ядрах, тайван бус болох, хоолонд дургүй болох, бөөлжих зэрэг ерөнхий, тариулсан газарт улайх, хөндүүрлэх, хавдах зэрэг хэсэг газрын урвалын шинж илэрч болох бөгөөд 2-3 өдрийн дараа хэвийн байдалд ордог.
- Ховор тохиолдолд: Толгой эргэх, цочмог ханиах, архаг ринит, хоолой өвдөх, залгиурын үрэвсэл, хамрын салст бүрхэвчийн үрэвсэл илэрч болно.
- Маш цөөн тохиолдолд: бөөлжих, суулгах, дотор муухайрах, чонон хөрвөс гарах, анафилаксийн шок, энцефаломиелит, татах, мэдрэлийн өөрчлөлтүүд 2 долоо хоногийн дотор илэрч болно. Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл эмч, эрүүл мэндийн байгууллагад яаралтай мэдээлж, эмчийн зааврын дагуу эмчилгээг хийх хэрэгтэй.
Анхааруулга:
- Вакцин хийхийн өмнө эмчийн үзлэгт хамруулна
- Томуугийн вакциныг товлолын бусад вакцинтай нэг өдөр хийж болох бөгөөд тарих талбай өөр байна.
- Бусад вакцинтай 28 хоногийн завсартайгаар хийнэ.
- Тарилгын стандартыг баримтлан ажиллана.
- Задалсан вакциныг дараах нөхцөлийг хангасан тохиолдолд 7 хоногийн дотор хэрэглэж болох бөгөөд задалсан огноо, цаг, минутыг заавал тэмдэглэнэ.
-Вакциныг +2- +8 хэмд хадгалсан
-Вакциныг шошгоны бичиг арилаагүй
-Халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж ажилласан
- Тарилга хийсэн хэсэг газрыг бохирдуулахгүй, цэвэр байлгах, ус хүргэхгүй, цохихгүй, маажихгүй байх талаар зөвлөнө. Мөн дархлаажуулалтын дараах урвал хүндрэл илэрсэн тохиолдолд эмчид яаралтай хандахыг вакцин хийлгэж байгаа хүнд зөвлөнө.
Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд
Вакцин хийхийн өмнө жирэмсэн болон хөхүүл эмэгтэйг эмчийн үзлэгт хамруулна. Жирэмсний 14-өөс 36 долоо хоногтой жирэмсэн эмэгтэйд томуугийн вакцин хийж болно.
Хадгалалт, тээвэрлэлт, савлагаа
- Вакциныг +2- +8 хэмд гэрлээс хамгаалж, хадгалан тээвэрлэнэ.
- Халууны нөлөөнд өртсөн эсэхийг вакцин шошгоны мониторыг ашиглан хянана.
- Хөлдөөж болохгүй.
- Нэг хүн тун нь 0,5 мл, нэг флаконд 10 хүн тунгаар буюу 5 мл-ээр савлагдсан.
Хүчинтэй хугацаа: /огноог харах/
Үйлдвэрлэгч: Грийн кросс корпораци, БНСУ